Д.Энхзул: Хүссэн мөнгөн дүнгээрээ демо дансыг цэнэглэж, арилжаанд оролцох боломжтой

Монголын хөрөнгийн бирж нь иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор демо буюу хийсвэр арилжааны системийг нэвтрүүлж, ашиглалтад оруулсан тухай Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааны газрын захирал Д.Энхзултай ярилцлаа.

Монголын Хөрөнгийн биржээс ашиглалтад оруулсан “Демо” буюу хийсвэр арилжааны систем нь ямар систем бэ?

- Демо арилжааны систем  бодит мөнгөөр арилжаанд оролцож эхлэхээс өмнө хийсвэр мөнгөөр арилжаанд орж, үнэт цаасны арилжаанд оролцох дадлага хийх, хөрөнгөө өсгөх арга барилаа олоход туслах ач холбогдолтой систем юм. Мөн Демо арилжааны систем олон улсад санхүүгийн сайтууд, хөрөнгийн биржийн цахим хуудсуудад түгээмэл байдаг. Хэрвээ би бодитоор мөнгөө гаргаад арилжаанд оролцсон бол хэдий хэмжээний ашиг, алдагдлыг хүлээх байсныг л харуулах систем. Манайх өмнө нь ийм системтэй байгаагүй анх удаа нэвтрүүлж байна.

Системд хэрхэн нэвтэрч туршилт хийх вэ?

-Демо арилжааны систем нь хүн бүрд нээлттэй. Системийг ашиглахын тулд, юуны түрүүнд системийн гарын авлагатай танилцан энэ  хаягаар бүртгүүлж, ажлын өдөр бүрийн 10:00 – 13:00 цагийн хооронд арилжаанд оролцож, хөрөнгийн зах зээлийн туршлагатай хөрөнгө оруулагч болох эхлэлээ тавих боломжтой. Иргэд өөрийн демо дансыг хүссэн дүнгээрээ цэнэглэж, МХБ-д бүртгэлтэй хувьцаануудаас сонгон тухайн өдрийн арилжааны бодит ханшаар худалдан авах эсвэл эргүүлэн худалдаж, холбогдон гарах брокерын шимтгэлийг төлөх зэргээр МХБ дээр явагддаг бодит арилжааны туршлагыг олж авахаас гадна тус системийн  "Дансны шинжилгээ" функц нь таны хийсэн арилжааны ашиг, алдагдлыг өдөр бүр тооцоолж харуулах тул хөрөнгийн зах зээлийг сонирхогч бүх насны хүмүүс ашиглах боломжтой. Тухайлбал, би бодитоор сая төгрөгөөр данс үүсгэх боломжтой бол түүгээрээ данс үүсгэж, захиалгаа өгнө. Бид нэгэнт энэ системээ нэвтрүүлсэн тул илүү сайжруулж,  хязгааргүй хугацаанд үргэлжлүүлнэ.

-Хүмүүс арилжаанд оролцохдоо ихэнхдээ юун дээр анхаарах хэрэгтэй байдаг вэ?

-Хүмүүс арилжаанд яаж оролцох вэ гэдгээ мэдэхгүй байх шиг байдаг.  Нэгт, мэргэжлийн үнэт цаасны компаниудаар дамжуулан үнэт цаасны дансаа нээлгэж үйлчилгээ авна.  Нэг удаа данс нээсэн МХБ-д бүртгэлтэй 220 компаниас сонголтоо хийн хувьцаа худалдаж авах боломжтой.  Хоёрт, их мөнгөтэй хүмүүс л хувьцаа авдаггүй юм.  100 төгрөгөөрөө 1 ширхэг хувьцаа авсан ч болно.  

Их мөнгөтэй хүмүүс л хувьцаа авдаггүй юм 

-Энэ онд дахиж хувьцаагаа гаргах компаниуд хэр их байна вэ?

- 2017 оноос эхлэн хувьцааны зах зээлийн эрэлт ихэссэн. Нэг жилийн хугацаанд 30 гаруй тэрбумыг энэ зах зээл дээрээс босголоо. Энэ нь өмнөх 12 жилийн нийт үнийн дүнгийн тал хувьд нь хүрэхээр хөрөнгө юм. Оддогийн байдлаар хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах  хүсэлтээ ирүүлээд шалгагдаж байгаа болон  санхүүгийн зохицуулах хороо уруу үнэт цаас гаргах боломжтой гэж дэмжигдсэн  хэд хэдэн компани байна. Нэгээс хоёр компани энэ ондоо багтаад гаргах болов уу гэх хүлээлттэй байна.

Таван толгой ХК-ийн хувьд хувьцаагаа гаргах биржийн сонголтон дээр ямар  байр суурьтай байна вэ? 

-Таван толгойн хувьцааны тухайд эхлээд хөрөнгийн бирж дээр бүртгүүлж, дараагаар нь олон улсын бирж дээр бүртгүүлэх нь хамгийн зөв алхам. Учир нь ард иргэд өөрсдөө хувьцаагаа захиран зарцуулах, худалдах эрхээ эдлэхийн тулд аль нэг хөрөнгийн биржээр дамжих ёстой. Тэр нь дотоодын хөрөнгийн бирж байх шаардлагатай. Хэрвээ гадны хөрөнгийн бирж дээр гаргачихвал энд байгаа иргэд хувьцааны арилжаагаа гадаадад данс нээлгэж  оролцох боломжгүй болно. Магадгүй цөөн хэдэн хүмүүсийн хувьд боломжтой ч нийт иргэдийн хувьд боломжгүй. Мөн компани гадагшаа гарахад хамгийн том хүндрэл нь хууль тогтоомжийн зөрүүтэй байдаг ба тэдний шаардлагыг хангахад хэцүү.  

Сэтгэгдэл: (5)
Таны IP: (18.234.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.126.89.146) 2019-04-05 00:04:32
Хамгийн сайхан мэдээлэл байлаа
(59.153.87.199) 2019-04-02 17:46:12
эрдэнэс таван толгойн данснаас өөр данс шинээр нээлгэх юм уу
Ryenchintogtokh (64.119.20.58) 2019-04-01 21:48:01
Thank you very much. It.s very imfortand....
St Otgon stesteg (202.126.89.133) 2018-11-02 20:02:00
saixan medee bn
Зочин (141.168.18.193) 2018-10-31 17:43:13
saihan medee bna