Дэлхийг өөрчлөгч 30 залуу: Африкийг аварсан 14 настай хүү

Энэ бол мухар сүсэг, улс төрийн ялзралд автсан Африкийн хамгийн ядуу улсуудын нэгт тооцогддог Малавид итгэл найдварын гэрэл асаасан 14 настай хүүгийн гайхалтай түүх. Түүнийг Виллиам Камквамба гэдэг бөгөөд тэрбээр төлбөргүйн улмаас сургуулиасаа завсардсан ч бие даан суралцаж, тосгондоо эрчим хүч, цэвэр ус авчирч чадсан юм.

N24 мэдээллийн сайт "Дэлхийг өөрчлөгч 30 залуу" цуврал нийтлэлийг долоо хоног бүр уншигчиддаа хүргэхээр болсон билээ. Эхний дугаарт Африкийг аварсан 14 настай хүү Камквамбаг онцолж байна. 

 
Ган ба салхин сэнс

Одоогоос 17 жилийн өмнө Малавид сүүлийн 50 жилийн турш тохиогоогүй ган болжээ. Үүний сөрөг нөлөө ан амьтад, мод ургамал гээд байгальд голчлон тусахын сацуу хүмүүсийн амьдралд, эдийн засагт хүндээр туссан байна. Виллиам Камквамба нэрт 14 настай хүүгийн амьдардаг Маситала тосгон ганд өртөж, газар тариаланд суурилдаг тосгоны амьдрал зогсонги байдалд оров. Тосгон даяараа хоол, ундны хомсдолд ороод байсан тэр үед эрчим хүч хамгийн ихээр дутагдаж байлаа. Гэр бүл нь сургуулийн төлбөр болох 80 ам.долларыг төлж чадаагүйн улмаас сургуулиасаа хөөгдсөн залуу хүү сэтгэлээр уналгүй ихэнх цагаа тосгоныхоо номын санд зарцуулдаг болжээ. Чухам тэр үед л тэрбээр “Эрчим хүчийг ашиглах нь” нэртэй ном уншиж байгаад салхин сэнсний зураг олж харсан байна.

Камквамба “Энэ номон дээр байгаа зүйлээр хүмүүс эрчим хүч гаргаж авдаг юм байна. Салхинаас эрчим хүч гаргаж болдог юм бол би оролдоод үзэх хэрэгтэй гэж шийдсэн. Хүмүүст туслахыг ямар их хүсч байсан гээч” хэмээн “TED”-д тавьсан илтгэлийнхээ үеэр хэлсэн юм. Ийнхүү ном, бусдад туслах сэтгэлээрээ зэвсэглэсэн залуу хүү салхин сэнс барьж сурахаар шийджээ. Хамгийн түрүүнд төмрийн хаягдлын цэгээс унадаг дугуйн хэсгүүд, хуванцар хоолойнууд, тракторын сэнс, машины цэнэг хураагуур олж авав. Үүн дээр нэмээд цэнхэр бохины мод цуглуулжээ. “Хүмүүс эхэндээ намайг салхин сэнс барих гэж байна гэхэд галзуурчихаа юу, үнэхээр тэнэг юм гэж байсан. Хариуд нь би зүгээр л тоглож байна гэхэд энгийнээр хүлээж авч байгаа юм даа”.

Өрөөндөө, дараа нь гэртээ, тэгээд тосгондоо...
Камквамбагийн бүтээсэн анхны салхин сэнс

Анхны салхин сэнс ажиллахад бэлэн болжээ. Гэхдээ түүний өрөөнд гэрэл асаахад л хүрэлцэж байлаа. Харин Камквамба шантралгүй харин ч том амжилт гэж үзэв. Нэмж хоёр салхин сэнс барьж, гэртээ мөн хөршүүддээ хангалттай эрчим хүч гарган авч чаджээ. Залуу хүүгийн амжилт үүгээр зогссонгүй. Улмаар ганд өртөж хатсан тосгоныхоо талбайг гүний худгаас услав. Үүнээс хойш Камквамбагийн зорилго өөрчлөгдсөн аж. Тэр Малави даяар салхин сэнс, гүний ус шахаж гаргах төхөөрөмж барьж, гадны улсуудаас тусламж авалгүйгээр өөрсдөө асуудлаа шийдэх боломжтой гэдэгт итгэсэн байна. Түүний хэтийн зорилго бол Африкыг тэр чигээр нь биеэ даасан, тогтвортой хөгжилтэй болгох явдал.Африкт эрчим хүч, цэвэр усны асуудал хамгийн хүнд нөхцөлд байгаа. Би нэг аргаар хоёуланг нь зохицуулна” гэж “BBC”-д өгсөн ярилцлагадаа итгэл төгс хэлсэн залуу хүүг дэлхий даяар дэмжиж буйгаа илэрхийлж, түүнд туслах аян өрнөлөө.

Камквамбагийн барьсан шинэ салхин сэнс

Мухар сүсэг, улс төрийн ялзралд автсан Африкийн хамгийн ядуу улсуудын нэгт тооцогддог Малавид залуу хүү итгэл найдварын гэрэл асаав. Салхин сэнсээ бариад асуудлуудаа шийдэж эхэлсэн ч санхүүгийн байдал нь хүнд хэвээр байсан Камквамбагийн түүхийг боловсролын мэргэжилтнүүд анхааралдаа авч, сэтгүүлчдийн хамтаар түүний амьдардаг Маситала тосгонд очжээ. 2006 оны сүүлчээр Засгийн газраас түүнд тэтгэлэг олгохоор болж, залуу хүүгийн түүх интернет орчинд хурдацтай тархав. Жилийн дараа “TED”-ийн Олон улсын хурал Танзанид болоход Камквамба уригдан өөрийн салхин сэнс барьж, тосгоноо өөрчилсөн түүхийг ярьж өгчээ. Түүний төсөл, санааг дэмжихээс гадна боловсролд хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй хүмүүсийн тоо тасралтгүй нэмэгдэж олон санал ирсэн байна. Тэдний өгсөн мөнгөний ихэнх хэсгээр нарны зай худалдан авч, 60 гэр бүл амьдардаг тосгоныхоо байшин бүрийн дээвэрт суурилуулж, худаг ухаж гаргахад зарцуулжээ. Үлдсэн мөнгөө Камквамба үеэлүүдээ, сургуулиас завсардсан найзуудаа сургуульд буцаан оруулахад зарцуулсан ба гэр бүлийхнийхээ эрүүл мэндэд зориулсан байдаг.

Нэг хүүхдийн хичээл зүтгэл

Маситала тосгоныхон тамхины ургамал тариалахаа болиод төмс, шош зэрэг өөрсөддөө хэрэгтэй ургамал, ногоог тариалах болсноор амьдралынх нь түвшин ч сайжирсан байна. Энэ талаар Камквамба ярихдаа “Тосгон үнэхээр их өөрчлөгдсөн. Хүмүүс ус олж авахын тулд маш их цаг зарцуулдаг байсан. Одоо тэд илүү хэрэгтэй зүйлд цагаа зарцуулж байгаа нь надад таалагддаг. Бас бидний ууж байгаа ус цэвэр бас эрүүл. Хүмүүс керосин ашиглахаа больсон. Хортой хийгээр амьсгалахгүй, түүнд зарцуулдаг байсан мөнгөө өөрсдөдөө зарцуулдаг болсонд би баяртай байгаа” гэв. Тосгоны хүүхдүүд Камквамбаг гол үлгэр дуурайллаа болгон шинжлэх ухаанд шимтэх болов, ном ч ихээр унших болсон байна. Хүмүүсийн бодол санааг эерэгээр өөрчилж чадсан Малави залуу Өмнөд Африкийн Иоханнесбург хотын Африкийн удирдлагын академид тэтгэлгээр суралцан төгссөн бөгөөд Америкийн Дартмудын коллежоос тэтгэлэг авсан юм. 2014 онд коллежоо амжилттай төгсөж, сургуулийнхаа алдрын танхимд нэрлэгдсэн тэрбээр Африкийн орнуудаар аялаж, хүүхэд залуучуудад салхин сэнс барихаас эхлээд өөрийн сурсан бүхнийг үнэгүй зааж өгдөг.

Залуу хүү сайхан сэтгэл, хичээл зүтгэлийнхээ үр шимийг одоо ч хүртсээр байна. Өдгөө 30 настай зохион бүтээгчийн авъяасаас гадна илтгэх чадвараараа алдаршсан Камквамбаг 2011 онд “Google” компани Шинжлэх ухааны нээлттэй өдөрлөгөөрөө зочин илтгэгчээр ажиллахыг урьжээ. 2013 онд хэвлэгдэж, худалдаанд гарсан “Салхиар тоноглосон хүү” ном нь бестселлэр болоод зогсохгүй “Нэг ном, нэг нийгэм” шагналыг хүртсэн байна. Энэ бол улс даяар заавал уншсан байх ёстой номын жагсаалтад Камквамбагийн түүх орсон гэсэн үг. 

Камквамбагийн амьдралаар хийсэн “Виллиам ба салхин сэнс” баримтат кино “Өмнөдөөс баруун өмнөд хүртэл” кино фестивалаас шүүгчдийн шагнал хүртэв.

2013 онд “Time” сэтгүүл “Дэлхийг өөрчилж буй 30 залуу”-гийн нэгээр Камквамбаг нэрлэсэн. Флоридагийн их сургууль, Аубюрны их сургууль, Мичиганы инженерчлэлийн их сургууль гээд олон их сургууль, коллежууд түүний номыг оюутнуудынхаа “гарын авлага” болгосон. Тухай бүртээ Камквамбаг урьдаг бөгөөд тэрбээр өөрийн түүхийг амьдралынхаа гарааг эхэлж буй залуустай хуваалцдаг аж.

Түүний номныхоо танилцуулгын үеэр өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна.

- Нью-Йорк хот шиг өндөр хөгжилтэй газарт ирэх танд ямар санагдсан бэ. Малавигаас юугаараа ялгаатай байна вэ?

- Зарим зүйлийн үнэ цэнийг хэзээ ч хэмжиж болдоггүй юм. Бас хүмүүс өөртөө байгаа зүйлсийн үнэ цэнийг бараг л мэддэггүй. Африкт, миний эх орон Малавид цэвэр ус хангалттай байдаггүй юм. Энд харин цэвэр усыг дэмий зүйлд зарцуулж, бараг л асгаж байхыг би харлаа. Манай хүмүүст байхгүй маш олон зүйлсийг харсан. Би юу гэж бодсон бэ, юу мэдэрсэн бэ гэдгээ мэдэхгүй байна. Дотроо өө бурхан минь гэж уулга алдсан.

- Номны тань агуулга голчлон эрчим хүч, байгалиас бага өртгөөр эрчим хүч ялгаруулахад төвлөрсөн байсан. Та цахилгааны инженерчлэлийг хэр удаан судалж байгаа вэ?

- Арав орчим жил юмуудаа. Яг одоогийн байдлаар би ахлах сургуулийн хэмжээнд л мэднэ. Би энэ чиглэлээр үргэлжлүүлэн суралцах төлөвлөгөөтэй байгаа.

- Эрдмийн зэргээ аваад ямар төхөөрөмж, машин бүтээх төлөвлөгөөтэй байна?

- Өрөмддөг төхөөрөмжийн талаар хэд хэдэн санаа бий. Худаг ухах зориулалттай эд л дээ. Африкийн өнцөг булан бүрт тулгамдаж байгаа цэвэр усны асуудлыг шийдэхийг хүсч байна. Төхөөрөмжийг ашиглаад хаанаас ч цэвэр ус гаргаж болно. Цэвэр ус хэрэглэх боломжгүй байдлаас болж олон хүн өвчин тусч нас бардаг. Тэд цэвэр ус хүртэх эрхтэй шүү дээ. Би төхөөрөмжөө маш бага зардлаар бүтээнэ. Тэгээд энгийн тосгоны тариачид авч чадахаар үнээр худалдана.

- Өрөмдөгч төхөөрөмж чинь цахилгаан эрчим хүчээр ажиллах уу?

- Үгүй. Гар аргаар ажиллуулдаг байхаар хийсэн нь дээр. Африкт эрчим хүч үнэхээр том асуудал юм шүү дээ. Гэхдээ хий ашигладаг байхаар загварчилж бас болно. Гэхдээ маш бага хий ашигладаг байх шаардлагатай. Миний зорилго бол ядуу хүмүүст цэвэр ус хүргэх. Өрөмдөгч дууссаны дараа худгуудад шахагч байрлуулна. Тэгээд хүмүүс хүссэн хэмжээгээрээ хялбархан гэгч нь цэвэр усаа хэрэглэнэ.

 Хаа нэгтээ, хэн нэгэн энэ зүйлийг хийж бүтээсэн. Хүн л хийсэн юм чинь би ч хийж чадна

- Сургуульд дээрэлхүүлж, салхин сэнс барьж байхдаа галзуу гэж дуудуулдаг байсан талаараа та бичсэн байсан. Энэ хүнд цаг үеэ хэрхэн давсан бэ?

- Номон дээрх салхин сэнсний зургийг хараад өөртөө ингэж хэлдэг байлаа. “Хаа нэгтээ, хэн нэгэн энэ зүйлийг хийж бүтээсэн. Хүн л хийсэн юм чинь би ч хийж чадна”. Хүмүүс намайг галзуурчхаа юу гэхэд хүссэнээ л хэл, би заавал дуусгана гэж зөрүүдэлдэг байв. Ер нь шинээр хийж, бүтээж байгаа зүйлсэд хүмүүс байнга шүүмжлэлтэй ханддаг. Библи дээрх Ноагийн түүх санаанд орлоо. Хөлөг онгоц бүтээж байхад нь хүмүүс шоолж байсан ч тэр зогсолгүй өөрийнхөө төдийгүй олон амьтны амийг аварсан. Би зөв зүйл хийж байгаа гэдгээ мэдэж байсан учраас зогсоогүй. Яг ийм л дүрстэй зүйл бүтээнэ гэж байнга төсөөлдөг байсан. Бурхан ч намайг ивээсэн.

- Амьдралынхаа түүхийг олон нийтэд дэлгэх хэцүү байгаагүй юу. Маш олон хүнд хэцүү цаг үе, бэрхшээлтэй тулгарсан мөчүүдээ эргэн санах таатай байгаагүй нь лавтай?

- Зүгээр ээ, гайхалтай байсан. Гунигтай түүхүүдээ санах хэцүү л дээ. Гэхдээ тэр зүйлс надад тохиолдоогүй бол би хэн ч биш байх байсан. Амьдралд дан ганц муу зүйлс тохиолдохгүй. Сайн, сайхан зүйлс ч олон тохиолдоно. Саад бэрхшээл, зовлонг давсны дараа хүн улам хүчтэй болдог. Туршлага хуримтлуулж, ухаан суудаг. Юу ч болсон гэсэн бууж өгч болохгүй. Тэгсэн цагт л амжилтанд хүрнэ. Хүмүүс олон төрлийн юм ярьж, хийж байгааг чинь үгүйсгэдэг. Гэхдээ хийж байгаа зүйлээ мэдэж л байгаа цагт өөр юу ч чухал биш. Бүх зүйл боломжтой.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.