Архи, хар тамхи хэрэглэгчдийг албадан эмчилнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Билэгт, Б.Саранчимэг Б.Дэлгэрсайхан болон Ц.Цогзолмаа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн байна.

Монгол Улс 2005 онд Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенци болон Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенцид нэгдэн орсон учраас албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийн бүх хэлбэрийг аль болох богино хугацаанд арилгах буюу хориглох үүрэг хүлээсэн байдаг. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь энэ талаар тайлбарлаад одоо хэрэгжиж буй хууль дахь албадан хөдөлмөр хийлгэх зохицуулалтыг өөрчилж байгаа гэв.  

Түүнчлэн шинэчилсэн найруулгын төсөлд “…Жирэмсэн хүн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 насанд хүрээгүй хүн, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглоно” гэсэн заалт оруулж байгаа ажээ.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн байна.

Гишүүдийн асуулт болон ажлын хэсгийн хариултыг дэлгэрэнгүй уншихыг хүсвэл дараах холбоос дээр дарна уу. Энд

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.