ОХУ Украйны улстөрчдөд хориг тавилаа

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Украйны 322 иргэн, 68 бизнесийн байгууллагад тавих хоригт гарын үсэг зурсан байна.

 

ОХУ Украйны тэргүүлэх улстөрчдөд эдийн засгийн хориг тавьснаар Украйны бизнесменүүдийн эзэмшдэг компаниудын үйл ажиллагааг зогсоов. Хамгийн сонирхолтой нь, энэхүү хоригоос болж ОХУ-ын хэдэн зуун компани үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болжээ.

Ерөнхий сайд Дмитрий Медведев хоригт гарын үсэг зурж баталгаажуулахдаа Украйнчуудын ОХУ-ын иргэд, компаниудад тавьсантай яг ижил бөгөөд хариу арга хэмжээ болж буйг онцлон тэмдэглэсэн байна. Нийт 322 хувь хүн, 68 бизнесийн байгууллага хоригт орсон ба тэдгээрийн дунд Украйны Ерөнхийлөгч Петр Порошенкогийн хүү Олекси, Ерөнхийлөгчид нэр дэвшигч Юлия Тимошенко, Украйны Үндэсний аюулгүйн албаны тэргүүн Васил Хрицак, Дотоод хэргийн сайд Арсен Аваков болон тэрбумтан Виктор Пинчук нар багтжээ.

Харин төмрийн хүдэр олборлогч “Ferrexpo”, шувуу үржүүлгийн “MHP”, Наранцэцгийн тосны экспортоор тэргүүлч “Kernel” зэрэг Украйны томоохон компаниуд хоригт оржээ. Хоригийн дагуу компаниуд болон хувь хүмүүс ОХУ дахь өмчөө тус улсын газар нутгаас шилжүүлэх боломжоо хязгаарлуулж байгаа юм.

2014 онд Крымийн хойгийг ОХУ Украйны эзэмшлээс салгаж, өөрсдийн газар нутагт нэгтгэснээс хойш хоёр улсын харилцаа тасралтгүй дордож байгаа бөгөөд Украйны Засгийн газар салан тусгаарлах хөдөлгөөнийг зогсоохоор бүхий л боломжит арга хэмжээг авч байгаа аж. Одоогийн байдлаар хоёр улсын бие биедээ тавьж буй эдийн засгийн хориг ямар үр дагавар авчрах нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: Reuters.com

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.