Анализ: АНУ-ын Иранд тавьсан хоригийн эргэн тойронд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаа 2015 оны аравдугаар сарын 18-ны өдөр батлагдсан Ираны цөмийн хэлцлийг цуцалж, улс төр болон эдийн засгийн хүрээнд дахин хориг тавихаар болов

Хориг эргэн ирэв

Image credit: Hassan Bleibel

Цагаан ордноос гаргасан мэдэгдлийн дагуу арваннэгдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн хэрэгжиж буй уг хориг тус улсын зүгээс урьд өмнө хэрэгжүүлж байгаагүй хамгийн хатуу хориг бөгөөд Иран Улсын эрчим хүч, зам тээвэр, аж үйлдвэрлэл болон эдийн засгийн тулгуур цэгүүдэд хүнд цохилт өгөх аж. Түүнчлэн нэр бүхий 700 гаруй иргэн, аж ахуй нэгж, албан тушаалтнуудаас эхлээд Иран Улсын газрын тос экспортлогчид, банкууд, тээврийн компаниуд, тэдний хөлөг онгоцууд гээд Ираны шошготой бүхэнд хориг тавигджээ.

Цагаан ордны мэдэгдэлд дурдагдсан Ираны санхүүгийн байгууллагууд, тэдний үйл ажиллагаа дунд Ираны Төв банкны гүйлгээ хүртэл нэрлэгдсэн байна. Вашингтон Ираны цөмийн хэлцлийг “гамшгийн”, “хүлээн зөвшөөрөх аргагүй” гэсэн хоёр үгээр тодорхойлжээ. Энэхүү шинээр тавигдаж буй хоригт “Хоригийг зөрчих буюу урвуулан ашиглахаар оролдсон этгээдэд адил үйлчилнэ” гэх сонирхолтой бөгөөд онц ноцтой заалт байгаа юм. Хоригийг эсэргүүцвэл яг ижил хориг тухайн улс, олон улсын байгууллагын эсрэг тавигдана гэсэн үг. Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар энэ заалт Иранаас газрын тос импортлогч орнуудыг шахах зорилготой юм байна. Ойрхи дорнодын бүс нутгаас Иран Улсын нөлөөллийг арилгаж, тус улсын цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдийг зогсоох эцсийн зорилготой энэхүү арга хэмжээ цаашид хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байгаа юм.

Одоогийн байдлаар найман улс түр хугацаанд Иранаас газрын тос импортлох хүсэлтээ ирүүлээд байгаа ажээ. Вашингтон энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан хүргээгүй байна. Блүүмбергийн мэдээлснээр тэдгээр найман улсын дунд Энэтхэг, Япон болон Өмнөд Солонгос байгаа ба тэдгээр улсууд үүргээс чөлөөлөх хүсэлтийнхээ хариуг хүлээж байгаа бололтой. Түүнчлэн “Reuters” агентлаг Туркийн Эрчим хүчний сайд Фатих Донмез баасан гарагт АНУ-аас “чөлөөлөх хүсэлт” хүлээн авах талаар ярьсныг уламжилсан. Тэднээс гадна Ирак Улс дээрх найман улсын нэг нь байх өндөр магадлалтай.

Дээр дурдсан найман улс Иранаас газрын тос, тосон бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн худалдаж авах зөвшөөрөлтэй боловч энэ нь түр зуурын арга хэмжээ байх юм. АНУ Ираны импортыг тэглэнэ гэж мэдэгдсэн учраас тэр шүү дээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн хэлснээр Европын холбооны 28 гишүүн орны нэг нь ч үүргээс чөлөөлөгдөөгүй ажээ.

Европын хариу үйлдэл

Европ болон тус тивийг тэргүүлэгч гурвал (Франц, Герман болон Их Британи) өнгөрсөн баасан гарагт хамтарсан мэдэгдэл хийж, Вашингтон хоригийг дахин сэргээж байгаа явдалд харамсаж буйгаа мэдэгдсэн. Тэргүүлэгч гурвал Европын эдийн засгийн үйл ажиллагааг хамгаалахын тулд Тегерантай хууль ёсны дагуу явуулж буй худалдааг хэвийн үргэлжлүүлнэ гэсэн амлалт өгснийг энд онцолъё.

Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон хэлцлээс гарч буйг зарласнаас хойш Ираныг маш олон хориг ээлжлэн нүдэх болсон. Ираны цөмийн хэлцлийн ач холбогдлыг Европын холбоо өндрөөр үнэлдэг бөгөөд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх элемент олон туйлт тогтолцоог хангах гол хүчин зүйлсийн нэг гэж үздэг юм.

Европын холбооны Гадаад харилцаа, Аюулгүй байдлын Дээд төлөөлөгч Федерика Могерини болон тэргүүлэгч гурвалын Гадаад харилцааны сайд нар хамтын мэдэгдэлдээ “Европын аюулгүй байдал, бүс нутгийн аюулгүй байдал цаашлаад дэлхийн энх тайванд ноцтой асуудал” хэмээн тодотгосон. Тэд цөмийн хэлцэлд албан ёсоор оролцогч талын хувьд Иран Улстай санхүүгийн үр дүнтэй, тогтвортой ажиллагаагаа цаашид үргэлжлүүлнэ гэв.

2014 онд ОХУ Украйнд цэргээ нэвтрүүлсэн явдалд Европын холбоо хариу арга хэмжээ авч ОХУ-д эдийн засгийн хориг тавьсан. Гэхдээ энэхүү хориг Европын холбоонд илүү сөрөг үр дагавар авчирсан билээ. Газрын тос, байгалийн хийн импорт нь ОХУ-аас хамааралтай байсан хэрэг. Харин энэ үед Иран Улсын газрын тос Европын удирдлагуудыг хэл амны бай болохоос аварсан. Чухам энэхүү шалтгааны улмаас Европын холбоо Ираныг хамгаалах байр суурь баримталж байгаа нь энэ.

Ираны хамгаалалт

Иран Улс “санаа зовохгүй байгаа” талаар тус улсын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Бахрам Касеми төрийн “IRIB” телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ. АНУ-ыг хориг Иран Улсын банк санхүү, эдийн засгийн голлох салбаруудад нөлөөлж чадахгүй гэнэ. Ноён Касеми АНУ-ын өдүүлж буй сэтгэлзүйн дайнд Иранчууд бууж өгөхгүй гэдгээ нотлоно гэв.

Хориг хэрэгжиж эхлэхээс хоёр хоногийн өмнө Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани АНУ-ын хэрэгжүүлж буй арга хэмжээнд Ираны Засгийн газар бүрэн бэлтгэлтэй байгааг мэдээлж байсан юм. Ираны удирдагч эдийн засгийн хүндрэлээ аль хэдийн шийдчихсэн хэмээн баталсан.

Түүнчлэн мэргэжилтнүүд АНУ-ын үйлдлээс үүсч болох хамгийн муу нөхцөл байдалд ч дүн шинжилгээ хийсэн бөгөөд тэр бүхэнд бэлтгэл базаасан талаар, хамгийн гол нь АНУ өөрийгөө дэлхийгээс тусгаарлаж байгааг онцолсон. Өнгөрсөн долоо хоногт Ираны Төв банкны захирал Абдулнасер Хеммати Европын холбоотой мөнгөний бодлогоор хамтарч байгаагаа зарласан. Ингэснээр Иран Улсын мөнгө, санхүүгийн гүйлгээ АНУ-ын хоригоос зайлсхийх боломжийг бүрдүүлж байгаа ажээ.

Европын холбооны Гадаад харилцаа, Аюулгүй байдлын Дээд төлөөлөгч хатагтай Федерика Могерини Европын холбоо болон түүний худалдааны хамтрагч Иран Улс хууль эрхзүйн хүрээнд дэлхий даяар худалдаа хийх эрхтэй гэдгийг мэдэгдсэн. Эндээс үзэхэд Иран Улс санхүү, эдийн засгаа Европын холбоонд түшиглэж, аюулгүй байдлаа ОХУ-д даатгаж байгаа учраас АНУ-ын хориг Ерөнхийлөгч Дональд Трампын төлөвлөж байгаагаас харьцангуй бага хохирол учруулах бололтой. Гэхдээ дүгнэлт гаргахад хараахан эрт байна.

Ашигласан эх сурвалж: Xinhuanet.com, Bbc.com, Reuters.com

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.