А.Соёл-Эрдэнэ: Эцэг, эх нь хүүхэдтэйгээ харилцахдаа “ялагч” байхад туслах дараах 5 аргыг сэтгэл зүйчид боловсруулсан байдаг

“N24” мэдээллийн сайт долоо хоног бүр сэтгэл зүйн зөвлөгөө ярилцлагыг уншигчиддаа тогтмол хүргэхээр болсон билээ. Энэ дугаарын зочноор “Монгол билиг” сэтгэл судлалын төвийн сэтгэл судлаач А.Соёл-Эрдэнэтэй эцэг эх, хүүхдийн харилцааны талаар ярилцлаа.

-Эцэг эхчүүд хүүхдийн харилцаанд үл ойлголцох болон харилцааны олон асуудлууд гардаг. Тэгэхээр хүүхэдтэйгээ хэрхэн зөв ойлголцож, зөв харилцаа бүрдүүлэх талаар зөвлөгөө өгч болох уу?

-“Хүн хэлээрээ” гэдэг шүү дээ. Бидний амьдрал бүхэлдээ харилцаа. Хэн нэгэнтэй харилцаж, ярилцаж л байж илүү дотносно, бие биенээ илүү танин мэднэ бас хамгийн чухал нь ойлголцоно. Маш олон эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ойлголцож чадахгүй байна гэж гомдоллодог. Харин хүүхдүүд эцэг эхчүүд маань дэндүү их ажилтай, тэд намайг тоодоггүй гэлцдэг. Гэтэл хамгийн чухал зүйл бол ярилцах гэдгийг мартчихаад байдаг. Тэдгээр эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцахыг хүсдэггүй, ярилцсан ч өөрийнхөө байр сууринаас ханддаг. Таны хүүхэд таны насан дээр байж үзээгүй гэдгийг л бодох хэрэгтэй.

-Зарим хөгжингүй орнуудтай харьцуулахад Монголд хүүхдүүд нь аав, ээжтэйгээ илүү хаалттай харилцдаг юм шиг санагддаг. Монгол хүүхэд ээж, аавтайгаа дотно ярилцах нь ховор юм шиг. Улс орны хэв шинж гэж бий юу?

-Мэдээж ялгаа байгаа. Улс орон бүрийн соёл, харилцааны ялгаануудаас шалтгаалан өөр өөр байх нь бий. Жишээ нь АНУ-д хүүхдүүдийг хувь хүний зүгээс авч үздэг, тусдаа шийдвэр гаргаж, цаашдаа амьдралаа тусдаа авч явахад нь бэлтгэдэг. Хүүхэд 18 нас хүрэхэд коллежид суралцуулах, цэрэгт явуулах эсвэл ажил хийлгэдэг. Эцэг, эхчүүд төрсөн гэрээсээ хүүхдээ явуулдаг. Энэ нь бие хүн болж төлөвшиж, өөрийнхөө үүрэг, хариуцлагыг ухамсарлахад тустай гэж үздэг.

Харин ОХУ-д хүүхдээ бие даахад туслах биш зөв амьдрахад нь туслах эцэг эхчүүдийн нөлөө их байдаг байна. Орос гэр бүлүүдийн хувьд эрэгтэй хүн хүүхдүүддээ хайртайгаа харуулах явдал бага бөгөөд үүнийг ээж нь хийх ёстой гэсэн хэвшмэл хандлага түгээмэл байдаг. Мөн сайхан гэр бүлийн дүр зураг бий болгохын тулд хүүхдүүдийг амжилт гаргах ёстой гэж дарамт, шахалтад оруулдаг.

Энэ байдал нь нэг талаараа монгол эцэг эхчүүдтэй адилхан санагдаж байгаа биз. Муу хүүхдүүдтэй найзлаад байна, эсвэл надтай юу ч ярьдаггүй гэх мэтээр ярьдаг боловч хүүхэдтэйгээ найз шиг нь илэн далангүй нээлттэй ярьж чаддаггүй дээ л гол нь байгаа юм шүү дээ. Яагаад өсвөр насны эрэгтэй эмэгтэй хүүхдэдээ физиологийн өөрчлөлт, бэлгийн бойжилт, хайр, дурлалын тухай ярилцаж болохгүй гэж. Хэрэв эцэг эхээсээ л зөв мэдээллийг олж авахгүй бол хүүхэд үе тэнгийнхээ найз нөхдөөс асуудаг, интернетээс мэдээлэл хайх гэх мэтчилэн буруу зөвийг нь үл мэдэх зүйлсэд итгэнэ шүү дээ.

-Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцахдаа ашиглаж болох, хүүхдэдээ нөлөөлөхөд чухал ярилцахад хэрэгтэй арга барил хуваалцаж болох уу?

-Эцэг, эх нь хүүхэдтэйгээ харилцахдаа “ялагч” байхад туслах буюу хүүхдээ зөвөөр ойлгох, өөрийгөө зөвөөр ойлгуулахад туслах дараах 5 аргыг сэтгэл зүйчид боловсруулсан байдаг. Үүнд дараах 5 арга багтана.

  1.  Би-д биш Чи-д төвлөрч ярилцах. Өөрийнх нь үзэл бодол ямар чухал болохыг хүүхдэдээ ойлгуулах. Би-гээ мартаж, түүний хүслийг шүүмжлэхгүй, хэлэлцэх хэрэгтэй. Хэрэв асуудлыг шийдэхийг хүсч байгаа бол, хүүхэд тань яаж шийдвэл зүгээр гэж бодож буйг асуух нь зүйтэй. Харилцан ярианд хэн хэн нь давамгайлагч биш. Тэнцвэрийг хадгалах чухал байдаг.
  2. Хэрэв хүүхдээрээ ямар нэгэн зүйлийг хийлгэхийг хүсч байгаа бол урамшууллыг ашиглах. Урамшуулал нь ямар ч хэлбэрээр байж болно. Жишээ нь: чаддаг зүйлийг нь магтах. Хүүхдэд магтаал хэрэгтэй байдаг. Магтаж байгаа нь хүүхдэд анхаарч байгааг илэрхийлдэг тул магтаал бол хамгийн сайн урамшуулал юм шүү.
  3. Хэрэв та уурласан бол хүүхэдтэйгээ харилцахаас татгалзах хэрэгтэй. Өөрийнхөө ямар сэтгэл зүйн байдалтай байгааг хүүхдэдээ хэлж ойлгуулах нь чухал. Та хэн нэгэнд эсвэл ажил дээрээ уурлачхаад хүүхдэдээ уураа гаргачихвал хүүхдэд таны нөхцөл байдлыг мэдэхгүй. Хүүхэд аливаа нөхцөл байдлыг үйл явдлыг ойлгохгүй дээ биш өөрийнхөө ойлгож буйгаар тусгаж авдагт насанд хүрсэн хүнээс ялгаатай. Ихэнх эцэг эхчүүд хүүхдийг бага байна гэж бодсоноос болоод гэр бүлийн салалтын шалтгаанаа тайлбарладаггүй. Гэтэл үүнийг балчир хүүхдүүд эцэг эх маань надад хайргүй болохоор салчихлаа ч гэдэг юм уу өөрийнхөөрөө ойлгоод гутрах жишээтэй.
  4. Дэмжих асуулт, хариулт: Энэ нь хачирхалтай сонсогдож магадгүй юм. Тантай хүүхэд тань харилцах хүсэлгүй байгаа бол дэмжих асуултаар яриагаа эхлүүлээд үзээрэй. Өнөөдөр юу хийсэн талаар, маргааш юу хийх талаар нь асуух юм. Энэ нь та хүүхдээ ойлгож сонсож, түүнийг буруутгахгүй, бусад хүүхэдтэй харьцуулахгүй, шахахгүй байгааг илэрхийлж байгаа юм.
  5. Эмзэглэж буй сэдвийг нь хөндөх: Хүүхэд бусдаас хаалттай болоод байна гэдэг нь түүнд ямар нэгэн эмзэглэх асуудал байна гэсэн үг. Жишээ нь: гадаад төрх, сургууль дээрх асуудал гэх мэт. Эмзэглэж буй асуудлыг нь ярилцаж, шийдэхэд нь туслахгүй бол хүүхэд бусдаас хөндийрөөд эсвэл хэн ч намайг ойлгохгүй гэж бодоод байдаг. Хүүхэд сургууль дээр өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг. Зарим хүүхдүүд ангидаа шоовдорлуулдаг, дээрэлхүүлдэг, доромжлуулдаг, гоочлуулдаг. Харин түүнийг нь эцэг эхчүүд мэддэггүй. Мэдсэн ч миний үед байж л байсан, сүртэй ш дээ гэж хүлээж авдаг эсвэл учрыг нь ч ололгүй сургууль дээр нь очиж түйвээчихдэг тохиолдлуудыг олон харсан. Ийм байдал хүүхдэд туслахгүй. Улам л хэцүү байдалд оруулчихдаг.

-Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ харилцахдаа яг юун дээр алдаад байна вэ?

-Хүүхэд маань хэзээ ч намайг ойлгохгүй, тэр намайг яаж ажиллаж байгааг, яаж хөдөлмөрлөдгийг, яаж зүтгэдгийг ойлгохгүй гэсэн өрөөсгөл бодлоо хая. Хүүхэд өөрийнхөө оюун ухааны цар хэмжээгээр бодож, сэтгэж, мэдэрч, ойлгодог. Зарим эцэг эхчүүд дээр нэлээн хэдэн алдаа ажиглагддаг. Нэгдүгээрт өөрийнхөө хийж чадаагүй зүйлээ хүүхдэдээ тулгах. Жишээ нь бага байхдаа эмч болохыг хүсдэг байсан боловч мөнгө санхүүгийн асуудлаас болоод сургуульд сурч чадаагүй. Тэгээд хүүхдэдээ би бүх зүйлээр чинь хангаж байна эмч бол гэж шууд тулгадаг. Сүүлийн үед хүүхдийнхээ үзэл бодлыг үл тоон өөрийнхөө бодлыг тулгах нь үл ойлголцлын нэг шалтгаан болж байна. Хүүхдээ битгий шүү, битгий буруутга тэгэх тусам таниас холдож таны яриаг хүндлэхээ больж, таны хүүхэдтэйгээ бий болгосон нандин холбоо сэвтээд эхэлнэ. Хүүхэдтэйгээ асуудлаа нээлттэй ярилцаж бай гэж зөвлөмөөр байна. Илэн далангүй байх тусмаа энэ харилцаа хэн хэнд нь гарцыг харуулж, хамтдаа асуудлыг шийдэх түлхүүр болно.  Хоёрдугаарт эцэг эхчүүд хүүхдээ алдчих вий гэж их айдаг. Ямар эцэг эх хүүхдээ алдаасай гэж хүсхэв дээ. Гэхдээ алдахаас сэрэмжилж байна гээд бүх шийдвэрүүдийг нь өөрсдөө гаргах нь буруу. Хэрэв ингээд байвал хүүхэд хариуцлагатай байхаа больж, амьдралын зорилгогүй тэмүүлэлгүй  болчихдог. Хэдий таны хүүхэд ч гэлээ таны өмнөөс амьдраагүй бүхэл бүтэн хүн шүү дээ. Өсвөр нас ч гэлтгүй хүүхэд өөрийнхөө амьдралын шийдвэрийг 3, 4 настайгаасаа гаргах сонирхол өндөр. Харин хамгийн чухал шийдвэрүүд гаргадаг өсвөр насан дээр эцэг эхчүүд өөрөөр нь шийдүүлэх эсвэл хамтдаа ярилцаж байгаад шийдэх хэрэгтэй.

-Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд юун дээр анхаарвал зүгээр вэ?

-Би хүн бүрийн дотор гайхалтай хүч оршин байгаа гэдэгт итгэдэг. Ялангуяа үүнийг өсвөр насны хүүхдүүдэд илүүтэйгээр хэлэхийг хүсдэг. Учир нь  өсвөр насанд бие физиологи болон сэтгэл зүйн хувьд өөрчлөлт явагддаг. Өөрийн гадаад байдал, дүр төрхөд анхаарал хандуулах нь ихсэж, бусад хүмүүсийн шүүмжийг эмзэг хүлээн авах бөгөөд бусдын шүүмжлэл, сөрөг сэтгэгдлүүд нь өөрийгөө доогуур үнэлэхэд хүргэдэг. Энэ үед бусад хүмүүсийн өөрийнх нь тухай сэтгэгдлүүд хүчтэй нөлөөлдөг. Өсвөр насан дээрээ хүүхэд сэтгэл зүйн хувьд тогтворгүй байх нь элбэг. Ялангуяа тэд бусдын хэлсэн үгийг эмзгээр хүлээн авч, өөрийнхөө дүр төрхийг ямар нэгэн одууд, дуртай дуучин, жүжигчинтэйгээ харьцуулан дүгнэдэг. Хэрэв өөрийгөө доогуур үнэлвэл бусадтай нээлттэй харилцахаасаа эмээдэг. Энэ үед тэдний хажууд эцэг эх нь байж хамгийн эмзэглэдэг сэдвийг нь хэвийн, түр зуурын зүйл гэж зөвөөр ойлгуулж чадвал энэ бэрхшээл цаашдаа даамжрахгүй. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдэдээ итгэл өгөх хэрэгтэй. Та тэднийг сонсдог бол тэд тантай нээлттэй харилцана гэж бодож байна.

Ихэнх насанд хүрэгчид өсвөр насныхны хайр дурлалыг төдийлөн тоодоггүй. Гэтэл тэдний хувьд хайр дурлал, үерхэл нөхөрлөл маш чухал. Бие физиологийн хувьд гормоны өөрчлөлт, сэтгэл зүйн хувьд эсрэг хүйснийхээ хүнд хүчтэй татагдах, түүнийгээ илэрхийлэх хүсэл өндөр байдаг. Охидын бие махбодын өөрчлөлтийн хувьд биеийн зарим хэсгүүдийн(хөх, хөл, бэлхүүс) өөхөн давхарга нэмэгддэг. Үүнээс болж охид биеийн галбиртаа санаа зовж, анхаарал хандуулах нь ихэсдэг.  Мөн арьсны тослог ихсэж, батга гарах, хөлс ихсэх гэх мэт бие махбодын өөрчлөлт явагдана. Ихэнх охид үүнийгээ эмзэгээр хүлээн авч санаа зовдог. Гэтэл энэ мэт бие махбодын өөрчлөлтийг эцэг эхчүүд тоохгүй, ярилцахгүй, тайлбарлахгүй өнгөрөх нь тэднийг ойлгодоггүй үл тоодог хэмээн өсвөр насныхан ойлгох нь бий. Английн Sussex-ийн Их сургуулийн эрдэмтэд өсвөр насны охидын гадаад үзэмж болон өөрийн үнэлэмжид нийгэм соёлын хүчин зүйлс нөлөөлдөг эсэхийг 2005 онд судалсан. Гадаад үзэмжид хандах хандлага нь нийгэм соёлын хүчин зүйлтэй холбоотой гэж үзсэн бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэсгэлэнтэй дүр төрх ямар байдгийг харуулах нь охид биеийн галбираа тэрхүү үзэсгэлэнтэй дүр төрхтэй харьцуулахад хүрэх ба улмаар өөрийн үнэлэмжид нөлөөлдөг. Тиймээс охид өөрийгөө доогуур үнэлж биеийн жингээ хасах, жингээ барих гэх мэтчилэн үйлдлүүдийг хийдэг гэж эрдэмтэд дүгнэсэн. Тийм ч учраас өсвөр насныхан өөрийн дутагдалтай талыг хүлээн зөвшөөрөх, засах эсвэл түүнийгээ давуу тал болгон ашиглаж, өөрийнхөө талаарх бусдын сөрөг үзэл бодлуудад эмзэглэхгүй байх нь дотоод хүчээ олж нээх эхний алхам болно. Хүн бүрийн дотор гэрэлтэх хүч бий. Түүнийг бусдын үгээр биш өөрийнхөө ухаанаар нээж гэрэлтэцгээе.

-Өсвөр насны хүүхдүүдтэй ээж аавууд хүүхдээ өөртөө итгэлтэй болгоход ямар арга ашиглабал зүгээр вэ. Мөн энэ насны хүүхдүүд үгэнд их эмзэг байдаг. Тэдэнд ямар үг хэлбэл гомддог, харин эсрэгээрээ ямар үг хэлбэл тэд эерэгээр хүлээж авах вэ?

-Өөртөө итгэлтэй байдал гэдэг нь сул тал болон давуу тал хоорондын тэнцвэрийг хэлдэг. Сул талаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Давуу талаа мэдэх хэрэгтэй.

Өсвөр насанд хүүхэд өөртөө болон бусдад шүүмжлэлтэй ханддаг. Тийм болохоор эмзэг гэж ойлгогдоод байгаа хэрэг. Өөртөө шүүмжлэлтэй гэдэг нь өөрийнхөө гадаад төрхөд, хийж чадахгүй байгаа зүйлдээ, бусад хүмүүсийн шүүмжлэлээс болж өөрийгөө шүүмжилдэг. Энэ байдал нь өсвөр насны хүүхдийн өөртөө итгэлтэй байдалд сөргөөр нөлөөлдөг. Хэрэв өсвөр насны хүүхэдтэй бол хүүхдээ битгий буруутга, битгий шүү. Хүүхэдтэйгээ ярилцахдаа хэрэглэж болох 5 аргыг хэрэгжүүлээд үзээрэй.

-Ээж, аавтайгаа маргалддаг хүүхдүүд ихэвчлэн ямар асуудлаас болдог вэ?

-Дийлэнх эцэг, эхчүүд хүүхдээсээ өөрийнхөө хийж гүйцэлдээгүй зүйлсийг хийж чадахыг хүсээд, шахаад байдаг. Бусад хүүхдүүдтэй харьцуулаад байдаг нь хамгийн том алдаа байдаг. Хүүхдээ өөрийнхөө үргэлжлэл гэж харахаасаа илүү таниас тусгаар бие хүн гэдгээр нь харах хэрэгтэй. Өөрийн гэсэн үзэл бодолтой, хүсэл сонирхолтой, дуртай зүйлтэй хувь хүн шүү дээ. Ирээдүйд өөрийгөө бас нэгэн гэр бүлийг авч явах бие хүн болох хүн юм шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.93.74.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.