Иемен багш гэрээ 700 хүүхдийн сургууль болгожээ

Дайны хөлд сүйдээд буй Иемен Улсад эмнэлэг, сургуулиуд үүдээ бариад байгаа энэ үед Адел Аль-Шорбаги нэртэй залуу багш өөрийн гэрийг сургууль болгосон бөгөөд одоогийн байдлаар 700 гаруй сурагчтай болоод байна.

Дайны хөлд сүйдээд буй Иемен Улсад итгэл найдвар тасраагүй болохыг багш мэргэжилтэй Адел Аль-Шорбаги харуулж байна. Улс даяар эмнэлэг, сургуулиуд үүдээ бариад байгаа энэ үед залуу багш гэртээ хичээл зааж эхэлсэн мэдээ түүний амьдардаг хотод богино хугацаанд тархаж, боловсрол эзэмшихийг хүсч буй хүүхдүүдийн цуваанд дарагдаад байгаа нь энэ.

Аль-Шорбаги сургуулиуд үүдээ хаасны дараа хүүхдүүддээ өөрөө хичээл зааж, улмаар хөршийнхөө хүүхдүүдэд хичээл заах болжээ. Улмаар тун удалгүй 6-15 насны 500 гаруй охид, хөвгүүд ирж бүртгүүлсэн байна. Аль-Шорбаги “Сургуулиуд үүдээ барьснаас болж хүүхдүүд маань гудамжинд гарчихсан. Бид хамтралын журмаар энэ барилгыг сургууль болгож нээсэн юм. Миний хувьд улс үндэстнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буйгаас гадна хүнлэг чанараа хадгалж байгаа хэрэг” хэмээн “Ройтерс” агентлагт өгсөн тодруулгадаа хэлжээ.

Байшингийн дотоод засал тун энгийн бөгөөд тоосгон хананууд нь ил харагдана. Урагдсан хөшгүүдээр өрөөг тусгаарлаж ангиуд бий болгожээ. Дайны галд өртөх эрсдлийн дор хэдэн зуун хүүхэд аз жаргалтай гэгч нь энэ суралцаж байна. Тэд сандал ширээ ч нэхдэггүй ба өрөөнд багтсанаа азтайд тооцдог. Хандиваар цуглуулсан номнуудыг хүүхдүүд уншиж суралцдаг бөгөөд сайн дураар багшлахаар шийдсэн 16 багш эвдэрхий цагаан самбар дээр хичээлээ үргэлжлүүлэхийг олж харна.

Сургалтын системийн тухайд Аль-Шорбаги дайны өмнөхтэй ижил зарчим баримталж байгаа ба үүнд математик, англи хэл, шинжлэх ухааны хичээлүүд багтдаг ажээ. Улсын сургуулиуд байхгүй, боловсролын тогтолцоо хаягдсан учир энгийн иргэдэд хүүхэддээ боловсрол эзэмшүүлэх хоёр л сонголт тулгарч байгаагийн нэг нь Аль-Шоргабийн сургууль бөгөөд нөгөөх нь 100 мянган Иемен риялын (400 ам.доллар) төлбөртэй хувийн сургууль аж. Хувийн сургуульд суралцах боломж Иеменд бараг л байхгүй учраас одоогийн байдлаар хоёр сая гаруй хүүхэд сургууль завсардаад байгаа юм.

Засгийн газрын эзэмшилд харьялагдаж буй Тайц хот дахь гэрээ Аль-Шорбаги сургууль болгож хувиргаснаас хойш түүний сургуульд 700 гаруй хүүхэд өдөр бүр ирж суралцдаг болсон байна. Тайц хотын хувьд 3.5 жилийн турш үргэлжилж буй иргэний дайнд өртөж, иргэд нь тэр чигээрээ өлсгөлөнд автахын ирмэгт тулаад байгаа аж. Иемен Улсын гурав дахь том хот Тайцийн дүүргүүдэд Ираны дэмжлэгтэй Хути хөдөлгөөн болон Иемений олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газрын зэвсэгт хүчнүүд одоо ч дайтсан хэвээр.

Эх сурвалж: Reuters.com

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.