Эрх мэдэлтнүүд хөнгөлөлттэй зээл Иргэд хүндрэлтэй зээл авсаар байх уу

"ЖДҮ" гэгчийн талаар шуугисаар Улиг болж, одоо Дөжрөх шатандаа хэдийнэ оржээ. Энэ асуудал "АСЕМ", "Эрдэнэтийн 49 хувь", "1.3 Ихнаядын Хөгжлийн Банкны зөрчил" , "280 сая ам.долларын өртөгтэй овоолсон шороо"-ны тавиланг давтах уу. 

Малайзын хөгжлийн берхадын хэрэг

Малайзын хөгжлийн берхадын хэрэг өнгөрсөн аравдугаар сарын эхээр эцэслэгдсэн. Засгийн газрын эрх мэдэлд шууд хамаарагддаг энэхүү санг 2009 онд стратегийн хөгжлийн зорилгоор байгуулсан байдаг. Улс орны эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлал болон газар тариалан зэрэг хамгийн чухал салбаруудад урт хугацааны зээл, хөрөнгө оруулалт хийх зорилготой энэхүү сангийн өр нэг л өдөр 11.73 тэрбум ам.долларт хүрсэн мэдээ Малайзчуудыг цочирдуулсан юм.

Гэтэл энэ үед буюу 2015 онд Ерөнхий сайд Нажиб Разак Малайзын хөгжлийн берхадаас 700 сая орчим ам.долларыг хувийн дансандаа шилжүүлсэн нь ил болжээ. Харамсалтай нь, эрх баригч намын удирдагч, гүйцэтгэх засаглалын тэргүүнд чиглэсэн шүүмжлэл, олон нийтийн бухимдал л үүсч байснаас биш хариуцлага тооцох асуудал хөндөгдсөнгүй. Харин түүний бүрэн эрхийн хугацаа дуусч, 2018 оны парламентын сонгуулиар ялалт байгуулсан Махатир Мухаммад Малайзын хөгжлийн берхадыг хууль сахиулагчдад шилжүүлсэн.

Улмаар экс Ерөнхий сайдын нэр дээр 32 хавтаст хэрэг үүсч, түүний танхимын гишүүд, тагнуулын тусгай албаны удирдлагууд гээд Малайзын эрх баригчид нийтээрээ холбоотой нь илрэв. Одоогийн байдлаар эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан зэрэг гэмт хэрэг нь тогтоогдсон бүх албан тушаалтнуудыг хориод байгаа талаар Малайзын Авлигатай тэмцэх хороо, Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Түүнчлэн экс Ерөнхий сайдын эхнэр Росма Мансор ял эдлэх нь тодорхой болоод байгаа юм. Тэрбээр төрийн албан хаагч нөхрийнхөө цалингаар хэзээ ч авах боломжгүй үнэт эдлэлийн цуглуулга, тансаг хэрэглээгээрээ Малайзчуудын дургүйцлийг төрүүлээд байсан нь “бохир мөнгө” байсныг холбогдох байгууллагууд тогтоосон билээ.

Өмнөд Солонгос ба Пак овогтныг улс төрөөс зайлуулсан хэрэг

Өмнөд Солонгосын анхны Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан тушаалаа урвуулан ашигласан, улсын төсвөөс 2.9 сая ам.доллар (7.25 их наяд төгрөг) хувьдаа завшсан хэргээр 32 жилийн хорих ял дуулаад байгаа. Өмнөд Солонгосын улс төрийг тодорхойлогч Пак овогтнуудын залгамж халаа 32 жилийн хорих ялаас гадна 95 сая ам.долларыг улсад төлж, хохирлоо барагдуулах шаардлагатай болов.

Экс Ерөнхийлөгчийн хэргийг гурван сарын хугацаанд шалгахад Өмнөд Солонгосын улс төр, бизнесийн салбарт тэргүүлэх 400 гаруй хүний нэр холбоотой олон нийтэд ил болжээ. Засгийн газрын харьяа байгууллагууд, төрийн мэдлийн сангууд гээд прокурорын шалгалтанд ороогүй зүйл үгүй. Эцэст нь Пак Гын Хэгээс гадна 16 хүн шүүхээс ял сонссон.

Тайланд ба ядууст зориулсан сангийн мөнгө алга болсон нь

Тайландын Авлигатай тэмцэх газар өнгөрсөн гуравдугаар сард нэгэн цочирдом мэдэгдэл хийсэн нь тус улсын ядууст зориулсан сан гэнэт хоосорсон явдал байв. Тодруулбал, нийгмийн доод давхаргын хөгжилд зориулсан тус сангийн нийт хөрөнгийн 85 хувь нь “дэмий” үрэн тарагдсан байлаа. Авлига, хээл хахуулийг зогсоох амлалттай гарч ирсэн цэргийн Засгийн газар мэдээж эвгүй байдалд орсон.

Тайландын Авлигатай тэмцэх комиссын мэдээлснээр 100 сая баат буюу 4.2 сая ам.доллар (манайхаар 10.5 их наяд төгрөг) үр ашиггүй зарцуулагдсан байна. Хамгийн ноцтой нь ижил хэмжээний мөнгөн дүн тус сангаас үр ашиггүй зарцуулагддаг жишиг тогтоод багагүй хугацаа өнгөрсөн аж. Ядууралд өртсөн иргэдэд 3000 баатыг (100 ам.доллар) олгох үүрэгтэй санг Нийгмийн хөгжил, аюулгүй байдлын яам хариуцдаг байж л дээ. Гэхдээ ядууст бага хэмжээгээр биш томоохон улстөрчдөд их хэмжээгээр олгочихсон хэрэг. Олон нийтийн бухимдлын хариуд Ерөнхий сайд Прают Чан-Оча хатуу хариуцлага тооцно хэмээн мэдэгдэл хийж, Батлан хамгаалахын сайд Правит Вонсуван Авлигатай тэмцэх комисст мэдүүлэг өгч хэрэг өндөрлөсөн. Харамсалтай нь, хариуцлага хүлээх эзэн олдсонгүй, асуудал ингээд л өндөрлөчихсөн.

Зүүн Европын дуулиан

Европын холбоо ЗХУ-аас салан тусгаарласан шинэхэн гишүүддээ зориулж хоёр төрлийн сан ажиллуулжээ. Европын бүтэц, хөрөнгө оруулалтын сан болон Европын стратегийн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж 351.8 тэрбум еврогийн даацтай "уялдуулах бодлого"-оо хэрэгжүүлнэ гэж холбооны удирдлагууд тооцоолсон байдаг. Ингэснээр нэр бүхий улсуудыг коммунист хандлагаас нь холдуулж, зах зээлийн тогтолцоонд ороход нь нэмэр үзүүлнэ гэж найджээ. Гэтэл авлига, хээл хахуульд идэгдсэн хэмжээгээрээ 42 хувьтай Молдав, 34 хувьтай Албани, 29 хувьтай Румын болон 24 хувьтай Литва зэрэг улсуудад асуудал дээрдэх бус дордсон (Транспаренси интернэйшнлийн мэдээ).

Нөлөө бүхий улстөрчид, бизнесийн акулууд Засгийн газраар дамжуулж хоёр сангийн хөрөнгө оруулалтыг хүртсэн ба үр дүнд нь зах зээлийн орчин дахь өрсөлдөөнийг бараг л устгаж орхисон талаар Европын парламентын гишүүн Ричард Сулик бичжээ. Зөвхөн дээд ангийнхны ашиг сонирхолд нийцсэн бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт ногдож, жижиг дунд бизнес эрхлэгчид өрсөлдөөнөөс хасагдаж эхэлсэн хэрэг. Энэ бол хөрөнгө оруулалт зорилтот бүлгүүдийнхээ эсрэгээр ажилласан харамсалтай жишээ. Үүнээс болж жил бүр Европын холбооны татвар төлөгчдийн нуруун дээр 5 тэрбум еврогийн зардал бууж байгаа аж. Одоогийн байдлаар уг асуудалд тохирсон шийдэл Зүүн Европын орнуудаас гараагүй байна.

Дүгнэлт

Ядуурал, ажилгүйдэлдээ идэгдээд, ангийн ялгаа нь эцэстээ тулахад ойрхон байгаа Монгол Улсыг түүхий эд, эрдэс баялгийн экспорт л аварч байгаа нь хэнд ч нууц биш. Гэтэл сөрөг хүчний Ерөнхийлөгчөөс эхлээд эрх баригч намын гишүүд ихэнх нь зорилтот сангийн хөрөнгө оруулалтад хошуу дүрсэн нь ил болоод, баримтаар баталгаажчихаад байхад л хариуцлагын асуудал замхрах төлөвтэй байна.

Малайз шиг парламентын сонгуульд ялсан тал одоогийн эрх баригчдад хавтаст хэрэг үүсгээд, хариуцлага тооцож болох хувилбар бий. Гэхдээ үүнийг хүлээвэл хоёр жил өнгөрнө, манай нөхцөлд мартагдана. 2016 онд зохион байгуулагдсан АСЕМ-аар 290.8 тэрбум төгрөгийг тухайн үеийн эрх баригч Ардчилсан нам “үр ашиггүй” зарцуулсан асуудал хоёр жилийн дараа ч хариуцлага хүлээх эзэнгүй замхарч байгааг та бид гэрчилж байна шүү дээ. Тиймээс Малайзын жишиг манайд хэрэгжих нь юу л бол.

Түүнчлэн хууль, хяналтын байгууллага эрчимтэй арга хэмжээ авч, Өмнөд Солонгос шиг эрх баригчиддаа тэр чигт нь хариуцлага тооцох боломж бий, үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ шүүх засаглалын тэргүүн энэ хэрэгт холбогдчихоод байхад горьдлого тээгээд дэмий л болов уу. Энэ онд гарсан, шийдэгдсэн гурван тохиолдлоос үзэхэд ЖДҮХС-гийн хэрэг Тайландын Ядуусын сантай ижил хувь тавилан хуваалцах магадлал хамгийн өндөр байгаа нь харамсалтай.

Үүнээс гадна Зүүн Европын орнуудын жишээ манай улсад давтагдсан болохыг олж харж болно. Нөлөө бүхий улстөрчид, тэдний бизнесийн үйл ажиллагааг татварын мөнгөөр дэмжсэнээр жинхэнэ жижиг, дунд бизнес эрхлэгчдийг зах зээлийн өрсөлдөөнөөс шахаж гаргасан. Томоохон бизнесүүд нэмээд төрөөс санхүүжилт авч байхад зээл авах барьцаа хөрөнгөгүй жижиг, дунд үйлдвэрлэгчид хэрхэн өрсөлдөх билээ дээ. Эдийн засаг өсөлттэй байна гэх боловч иргэдийн амьжиргааны түвшин дээшлэхгүй байгаа явдал ердөө энэ бүхэнтэй л холбоотой. Асуудлын шийдлийг олж, цогцоор нь шийдэж чадахгүй бол Монгол Улс "пост коммунист" найзуудтайгаа хөтлөлцөөд хямарсан хэвээр байх нь. Харин Өмнөд Солонгос, Малайз шиг хариуцлагаа чангахан тооцож, шинэчлэл хийвэл бидний ирээдүй тийм ч харанхуй биш ээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.231.21.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.